Monday, November 18, 2013

монгол эгшиг тэмдэглэгээ



МОНГОЛ ЭГШИГ ТЭМДЭГЛЭГЭЭ
   “Эртний дуу, хөгжмийн хэдэн зуун ая, аялгууг уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах нь” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд МУСУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн  Богд хааны ордон музeйд “Монгол эгшиг  тэмдэглэгээ”–ний  Ян-Ег судрын үзэсгэлэн гаргав. Уг үзэсгэлэнд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанхын баруун хүрээ, Булган аймгийн Бүрэгхангай сумын Шаддүвдаржаалин хийд, Дундговь аймгийн Дашгэнпиллин хийдийн хурал номын ая дангийн 20 гаруй  судар эх хувиргаа, мөн Баянхонгор аймгийн музей, Дорноговь аймгийн Данзанравжаагийн нэрэмжит музей болон хувь хүмүүст хадгалагдаж  буй нийт 30 шахам ян-ег судрыг дэлгэн тавьжээ. 
   Соёл урлаг судлалын хүрээлэнгийн хийж байгаа томоохон судалгааны нэг бол энэхүү ян-егийн судалгаа. Өнөөдөр ийм төрлийн судар ном олдож байгаа ч түүнийг хараад шууд татчих хүн төдийлөн тааралдахгүй байна. Эдгээр судрыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглах, хэрэглээний эргэлтэд оруулахын тулд түлхүүрийг нь олох хэрэгтэй. Хэрвээ үүнийг тайлж чадвал хөгжмийн хэрэглээ болоод  хурал номын ажилд хэрхэн хэрэглэх гээд шашин соёлын олон ажилд ашиглах боломжтой болох юм. Судар номын хувьд чамлахааргүй олон үлдсэн байна. Гэхдээ эртний гэх эдгээр ая дан нь тухайн цаг үедээ нутаг нутгийн аялгатай байсан ажээ. Тиймээс тэр бүхний ялгааг гаргаж судлах ажил бидэнд тулгараад байна. Гэхдээ амьд уламжлал, амьд орчин, үүнийг хэрэглэж байгаа орон зай нь одоо ч байсаар байна. Түүний жишээ нь зарим сүм хийд. Тэд ая дан уншлагадаа энэ тэмдэглэгээг авч үлдсэн, түүнийхээ дагуу унзад лам нар нь уншсаар байгаа нь ян-егийн уламжлал ор тас алга болчихоогүйн илрэл юм.
Энэхүү Соёлын өв бодит байдлаар хаана хадгалагдаж  байна вэ гэвэл сүм хийдүүд дээр л байна. Монголын сүм хийдүүд хурал номдоо ян-егийн эгшиг тэмдэглэгээний уламжлалыг таслаагүй авч ирсэн ч орхигдсон юм их бий.  Эгшиг тэмдэглэгээ бол их онцлогтой. Бурханы шашинд ил ертөнц хийгээд далд ертөнц гэж ярьдаг, Ян-ег бол   тэрхүү далд ертөнцийн аялгуу эгшгийг тэмдэглэдэг учиртай хэмээн үздэг. Чухам хаанаас гарсан бэ гэвэл  гэгээрсэн хутагт хувилгаад  Бурхан бодьсадва,  номын сахиуснууд, ханд дагинастай  уулзаад сонсож мэдэрсэнээ тэмдэглэсэн, усан нүд цусан биетэнд мэдрэгдэхгүй далд ертөнцийн  дуу хоолой, аялгуу эгшиг юм.  Эгшиг тэмдэглэгээ бол их онцлогтой шашны зан үйл. Өөрөөр хэлбэл  Ян-ег гэдэг Бурхан сахиуснууд, дагинасын  аялгууны тэмдэглэгээ, сүм хийдүүд түүнийг шавилан сургасаар иржээ. Хаагдмал байсан, үгүйсгэн орхисноос устахад хүрээд байсан  соёлын үнэт өвийг манай судлаачид  шинжлэх ухааны үндэстэйгээр анхаарч үзэж, судлах   эх үүсвэрийг нь баттайяа тавьж  байна
Монголчуудын эгшиг тэмдэглэх эртний энэхүү аргыг сэргээснээр бурханы шашны бүхий л аялгууг тайлан унших, дуулах, хөгжимдөх, боломж нээгдэж  тэрчлэн эртний ая, аялгууг тэмдэглэх мэдээллийн сан бий болгон  хадгалалт,  хамгаалалтыг сайжруулах шинжилгээ, судалгаа идэвхжиж тэр хэмжээгээр иргэдийн шашны боловсрол дээшилж шашинд хандах хандлагад дэвшил гарч үндэсний соёл урлагаа дээдлэх үзэл төлөвшиж,  судлах  хувь нэмэр өснө хэмээн судлаачид зүй ёсоор үнэлж байна. 
Монгол эгшиг тэмдэглэгээний талаарх  судлагдаагүй олон эх сурвалж  судалгааны хэрэглэгдхүүний ном  зүйн эмхтгэл хэвлэгдэн  гарч монгол эгшиг тэмдэглэгээг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний төлөөллийн  соёлын өвд бүртгүүлэх нөхцөл боломж бүрдэх юм.   Эртний ян данг уламжлан тээгч унздууд болон ян-ег судрыг хадгалан тээгчдийг соёлын биет болон биет бус өвийн уламжлагчаар тодруулж "Хүн эрдэнэ" гэрчилгээ болон батламж олгох ажлыг ч хийх аж.
Орчин цагийн ая эгшиг тэмдэглэгээний өвөг ян-егийн судрын өвийн энэхүү үзэсгэлэнг ССАЖЯ, Ганантэгчинлэн хийд СУИС, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төв, Музей судлалын төвүүд хамтран зохион байгуулжээ.          
Шашин гэдэг  нийгмийн том хэсэг. Шашин бол соёлын асар том  хэсэг. Зөвхөн  шүтдэг нэг зүйл,  ухаанаар сэтгэлээ хүчрэхгүй болохоор ламд даатгаж, арц утлагахан авдаг төдийхнөөр ойлгож болохгүй,  монголчуудын асар олон зууны ертөнц болоод ертөнц бусын харилцааны гүн ухаан, гоо сайхныг бүхлээр нь шингээсэн амьд ордон юм. Тэрхүү ордны соёл  нь  яг соёл уруугаа орж ирэхгүй тусдаа байгаа нь харамсалтай.  Манай Гандан хийдийнхэн, сүм хийдийн  лам хуврагууд бол шашны гэхээсээ илүү  соён гэгээрүүлэгчид, соёл урлагийн хүмүүс. Энэхүү үүрэгт ажил уруугаа орж ирж байгаа нь  монголчуудын оюун санааны мандан бадралын чухал зүйл.  СУСХ, СУИС, Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийд гэдэг бол нэг институцийн хоёр тал гэж ойлгох ёстой.  Энэ хандлагыг бий болгож байгаа нь өнөөдөр их чухал. 
                                            Ян-Егийн хөгжмийн зэмсгүүд
                               

   Ганлин
Бурханы шашны хөгжмийн зэмсэг болох ганлин. Томоохон хурал номын өмнө болон хойно хонх, дамар бүрээ  бишгүүр хэнгэрэг зэрэгтэй хамт үлээхийн зэрэгцээ муу ад зэтгэрийг тонилгох зорилготойгоор дүгжүү, сорын балинг  гаргах үед хатуу хахир дуугарган  хашгируулдаг.
                Бишгүүр
Бурханы шашны хөгжмийн зэмсэг. Их биеийг нь агар, зэндмэнэ зэрэг үнэт модны голыг ухаж хөндийлөн хийсэн. Мөнгө болон гуулин царыг углаж хийдэг. Бишгүүрийг ян татахын өмнө болон хойно хонх дамар, хэнгэрэг, цан бүрээ зэрэгтэй хамт хэрэглэдэг.
                                   
         Дамар 

Буддын шашны хөгжмийн зэмсэг
Агар, сэндэн зэрэг үнэт мод, бог малын цавьны нимгэн арьсаар бүрж хийдэг цохиур хөгжим.  Утсаар оосорлосон хоёр тал товчин хэлбэр бүхий цохилууртай, ян татахын өмнө болон хойно хонх очир, урт бүрээ бишгүүр, цан хэнгэрэг  хамт хэрэглэдэг. Их биеийн дотор талд тогтоол тарни бичдэг, Ян татахын өмнө болон хойно  хурал гүйлгэж унших үед хэмжээг тааруулан хэрэглэдэг.
                Цан
                                                Бурханы шашны хөгжмийн зэмсэг
Гууль болон цасаар гол дунд нь хонхойлон бүрх малгай хэлбэртэй болгон хооронд нь хавсран дэлдэж дуугаргадаг. Ян татах үед болон өмнө хойно хэмжээг тааруулах зорилгоор хэрэглэдэг бөгөөд үүнийг цан хавирах, цан хавсрах  гэх мэтээр нэрлэдэг.
Хэнгэрэг
Бурханы шашны хөгжмийн зэмсэг. Их биеийг модоор хийж арьсаар ширлэдэг.

Ардын хөгжмийн зэмсэг
Тодорхой ястны уламжлалт ба амьдрал ахуйдаа хэрэглэгддэг хөгжмийн зэмсгийг ардын   хөгжмийн зэмсэг гэнэ. 19-20-р зуунд Монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг цохилуур, үлээвэр, чавхдаст гэж ангилдаг.
Ардын чавхдаст хөгжмийн зэмсэг
  1. Чавхдаст чимхүүр хөгжим / ятга, шударга/
  2. Чавхдаст цохилуур хөгжим / ёочон/
  3. Чавхдаст нумт хөгжим  / морин хуур, шанаган нуур, хуучир/
Ардын үлээвэр хөгжмийн зэмсэг: лимбэ, цуур, бүрээ, аман хуур, цагаан бүрээ, ямаан бүрээ, их бүрээ, эвэр бүрээ
Ардын цохилуур хөгжмийн зэмсэг: зэс харанга, дохиурт хэнгэрэг, цам, бөмбөр, хонх дамар гэх мэт байдаг.