Friday, November 8, 2013

Миний санал



Сайн байна уу?  Гантөмөр сайд аа. Өндөр төрийн эрхэм хүндэт ажилд тань амжилт хүсэн мэндчилье.
 Таны /Боловсролын салбарын / ажилд өчүүхэн боловч тус нэмэр болохсон гэсэн  сэтгэлийн угаас энэхүү захиаг  бичлээ. Хэрхэхээ өөрөө мэдтүгэй.
     Өнөө  цагт өвгөн миний үгийг тоож сонсох хүн алга болжээ. Миний бие багш бэлтгэх сургуульд сурсантайгаа нийлээд Монголын боловсролын сүүлийн бараг 60 жилийн түүхийг  бүтээлцэж яваа нэгэн билээ.
     Бага ангийн багшаас  дээд сургуулийн дэд захирал, Ph.D,  дэд профессор хүртэл үзэж туулсан замаа  өнөөдрийн өндөрлөгөөс эргэцүүлэн бодохоор алдсан , оносон нь байх бөгөөд ирээдүй хойч та бүхэндээ хэлж захих зүйл байх шиг санагдах юм
    Өтөл багш би хэдийвээр тэтгэвэртээ гарсан ч шинэ тутам байгуулсан “Маргад”
төрийн бус өмчийн дээд сургуулийг хөл дээр нь босгохын төлөө, сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд, эрх зүйн баримт бичгүүдийг шинээр боловсруулах, багшлах боловсон хүчнээ дадлага туршлагатай мэргэшсэн багш болгох, төгсөгчдийн чадварыг өнөөгийн нийгмийн шаардлагын хэмжээнд хүргэхээр амрах завгүй “чөмгөө дундартал” ажиллаж байна.
     Ер нь боловсролын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө санаа зовохгүй, сэтгэл санаа амар өнжих өдөр, хоног алгаа. Гагцхүү “Дээш нь хэлэх тэнгэр хол, доош нь хэлэх газар хатуу” гэгчийн үлгэр болоод байгаа учир Таныг анхааран болгоох болов уу хэмээн  дараах  хэдэн саналыг тавьж байна.
1.      Сургуулийн бүтцээр хэтэрхий их тоглож байгаа нь “Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг, Эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг” хэмээхтэй агаар нэгэн болж  байна. Жишээ нь:   4+3+3  /миний  сурагч байсан үе/
                                        4+4+2  /миний  багш болсон үе/
                                        3+5+2  /миний  багш байсан үе/
                                        4+4+3  /11жилийн сургалтын үе/
                                        5+4+3 /12 жилийн сургалтын үе/ гэх мэтээр сүүлийн 50 жилд 5 удаа бүтцээ өөрчилснөөр ямар ч ахиц амжилт гарсангүй. Харин ч эсрэгээрээ уруудаж доройтсоор...
      Гэтэл боловсролоороо дэлхийд тэргүүлэгч орнууд 200-300-аад жил бүтцээ өөрчлөөгүй түүхэн туршлага байна шүү дээ. Ийнхүү бүтэц тогтворгүйгээс шилжилт хийж буй нэрээр 3-аас 5, 5-аас 7-р ангид дэвшүүлж, анги алгасуулдаг “гаж” үзэгдэл хэвийн болж, хүүхдүүдийг “туршилтын туулай” болгож байна.
     Дидактикийн онолоор бол хүүхдийн судалж буй хичээл өдөр, 7 хоног, сар, улирал, жилээр хөнгөнөөс хүндэрсэн, энгийнээс нарийнд шилжсэн,  мэддэгээс мэдэхгүйд хүрэх тасралтгүй үргэлжлэх логик уялдаа холбоотой байх учиртай биз дээ. Бүтэн анги, жилээр алгасч үсрээд  юу сурах бол? Систем, дэс дараалалтай байх сургалтын зарчим  хаана байна вэ?
     Шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч судалгаа, туршилтгүйгээр, сургалтын онол-арга зүй мэдэхгүй УИХ-ын дарга нарын зарлиг,  сайдын тушаалаар бүтцийн асуудлыг шийдвэрлэж болохгүй ээ!!! Хамгийн нарийн эмзэг асуудлын нэг яах аргагүй мөн. Өөрөөр хэлбэл бага,  дунд боловсролтон гэж ямар хүнийг хэлэх вэ? гэдгээ ул суурьтай, судалгаа шинжилгээтэй тогтоож баймаажин,  түүнд тохирсон бүтцээ  сонгох ёстой.  Миний сайн мэдэхээр 40-50-иад  онд  4+3 бүтцийн үед  YII анги төгссөн хүн багшийн ажил хийгээд төрийн албыг залгуулж байсан үнэн түүх бий. Өнөөдрийн  YII анги төгсөгчид юу хийж чадах бол? Аль нь ажиллах, амьдрах чадвартай байна вэ??
      Чадамжид /к1, к2, к3, к4/  суурилсан хөтөлбөр, стандарт хэрэгжүүлнэ гээд сүүлийн 10-аад жил /сонгуулийн 2,5 жил / бужигнаад юунд хүрэв ээ?? Oршихуйн чадамж гэдгийнхээ учир ухааныг  зохиогч нь тайлбарлаж чадахгүй байхад ЕБС-ийн багш нар яаж хэрэгжүүлэх билээ дээ?!  Боловсролын салбарыг бодлогогүй удирдахын уршиг энэ. Энэхүү мунхаглалын хохирогчид нь монгол орныг XXI зуунд авч явах ирээдүйн иргэд, өнөөгийн ЕБС-ийн сурагчид мөнөөс мөн.  Үүний харицлагыг хэн хүлээх ёстой вэ? Үнэн гэж байдаг бол шийдвэр гаргагчид хүлээх ёстой. Гэтэл өнөө “муу нэртэй, луу данстай” багш нар л хүлээнэ. Ямар юмных нь ил тод, ардчилсан, хүмүнлнг, шударга нийгэм байх вэ дээ??
       5+4+3 бүтцийг батлахдаа энэхүү 12 жилийн сургуулийн агуулга, хөтөлбөр, сурах бичгээ хот, аймаг, сум, хөдөөгийн хэд хэдэн сургуульд туршин судалгаа хийж, боловсронгуй болгосны дараа түүнийг хэрэгжүүлэх багш нартаа заавар, зөвлөгөө өгч, сэтгэл зүйн болон арга зүйн бэлтгэл хангаж, үр дүнг нь бодитойгоор тооцож урьдчилан харж байж шийдвэр гаргах учиртай байтал шууд “харанхуй захиргаадалт”-аар орсноос болж, 6 настай хүүхдийг 8 настай хүүхэд шиг “хүнд ачаалал”, “хатуу арга барил”-аар сургаж, багш нь ч, 6 настнууд ч, сургуулийн үйлчлэгчид ч яаж зовж, ямар их алдаа завхрал, хүндрэл бэрхшээл учирч байгааг  Та бүхэн мэдэж байна уу? Мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байна уу?
     Анхны 7 настны туршилтыг 1980 –аад оны дундуур Архангай аймагт Монгол улсын гавьяат багш Д.Гончиг 3 жил хийж, 4-р ангид нь миний бие хүлээн авч, тэдэнтэй ажиллаж байхад 8 настнаасаа асар их ялгаатай /сэтгэц, физиологи, зан төлөв, ааш араншин/ бөгөөд тэдэнтэй ажиллах нарийн арга барил шаардагдаж байсныг санаж байна. 1 насны зөрүү, ялгаа тийм их байхад 2 насны ялгаа зөрүү, тэдэнтэй ажиллах арга барил ямар байх нь тодорхой юм.
2.      Бүтэцтэй салшгүй холбоотой, зах зээлийн тогтолцоот нийгэмд ажиллаж, амьдарч чадах иргэн төлөвшүүлэх, боловсролын агуулгаа дэлхийн чиг хандлага, өөрийн орны онцлогтой уялдуулан оновчтой зөв тогтоох асуудал нэн чухал. 1990-оноос өнөөг хүртэл бүх хичээлийнхээ агуулгыг  “шинэчлээд” байна, “шинэчилсээр” байна. Одоог хүртэл олигтой зүйл болж тогтсон нь үгүй. Арга ч үгүй бүтэц нь байнга өөрчлөгдөөд байхаар агуулга нь яаж тогтворжих билээ дээ!!  Ядаж байхад  дээрээс нь “Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гээд шуураад   эхэллээ. Монголын боловсролын тогтолцоог шинэчилж, дэлхийн жишигт хүргэх нь маш зөв зүйтэй ажил яах аргагүй мөн. Өвгөн багш би талархан дэмжиж байна. Гагцхүү бодлогоо хэрэгжүүлж буй арга барил нь шинжлэх ухааны үндэслэлгүй, судалгаа тооцоогүй байгаатай санал нийлэхгүй байгаа юм. Өөрийн гэсэн төр засагтай, биеэ даасан Монгол улс юм бол юуны өмнө “Үндэсний Боловсролын агуулга, хөтөлбөр”-тэй болсоны дараа л олон улсын туршлагыг “өөрийн толгой”-гоор, монголынхоо хөрсөнд “тарьж ургуулах сан”. Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд хөрөнгө мөнгөтэй айлын “гайгүй толгойтой” хүүхдүүд, хот, аймгийн хэмжээнд мэргэжлээрээ тэргүүлдэг багш нарыг шилж сонгож авч, элит сургуулиуд байгуулчхаад Кембрижийн хөтөлбөр “маш сайн байна” “болж байна”, “Монголын боловсрол дэлхийн жишигт хүрлээ”, “ 2015 оноос орон даяар хэрэгжүүлнэ” гээд салхидаад байгаад би л хувьдаа сурган хүмүүжүүлэгч хүний хувьд,  боловсролын бүхий л шатны сургуульд ажилласан, анхны 7 настны туршилтын ангийг даан ажиллаж, зовлон бэрхшээлийг нь сайн мэдэх хүний хувьд итгэж чадахгүй байна.
     Бас зарим эрх мэдэлтнүүд “Кембрижийн агуулгыг нь биш ээ, аргыг нь багш нарт эзэмшүүлнэ” гэж гуйвж дайвагнах “нь ч байх шиг. Энэ бол “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч  болно гэсэн үг. Учир юу гэвэл аливаа үйлийг гүйцэтгэх “арга” гэгч нь тухайн үндэстний сэтгэлгээний онцлогтой салшгүй холбоотой байдаг зүйл. Тухайлбал, Англи хүн аливаа үйлийг гүйцэтгэх “арга”-ыг  олохдоо англи үндэстний  сэтгэлгээний онцлогоор л шийднэ. Монгол хүн мөн нэгэн адил. Жишээ нь: Оросын машин, мотоциклыг монголчууд  яаж монголчлон “боловсронгуй” болгодог билээ дээ. Сүүлийн үед солонгос машиныг оросын машинтай нийлүүлэн “монголчлоод” байна. Энэ бол монгол үндэстний сэтгэлгээний онцлогоор “арга”-ыг нь олж байгаа хэрэг. Үүнтэй адилаар монгол багш, монгол хүүхдэд яаж хялбар дөхөм ойлгуулах “арга”-аа  монгол үндэстний сэтгэлгээний онцлогоор л олж чадна. Түүнээс биш монгол багш, англи үндэстний сэтгэлгээний “арга”-аар монгол хүүхдийг  гайхалтай сайн сургаж хэзээ ч чадахгүй. “монголчлох” л болно. Харин эрхэм зөвлөх Та нэг ярилцлагадаа  иймэрхүү санаа  илэрхийлснийг би тод санаж байна.
    Сургуулийн бүтэц , агуулгаа найдвартай, хөдөлгөөнгүй тогтвортой шийдэж чадаагүй байхад “Боловсролын салбарыг сайн, сайхан болгоно” гэж ямар ч бурханд мөргөж, буянтай олон ажил /”Зөв монгол хүн”, “Ном”, “Авьяас”/ хийгээд бүтэхгүй  шүү. Сайд аа!
3.      Бүтэц, агуулга, хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэгч нь багш билээ. Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч А.Сухомлинский “Сургууль бол багш юм” гэж онож хэлсэн байдаг. Үнэхээр багш нар нь ямар байна, сургууль тийм л байдаг. Юу хэлэх гээд байна гэхээр манай боловсролын салбарт  учирсан “гай” гэмээр “гамшиг” бол сүүлийн 30 гаруй жилд “Багш бэлтгэх төрийн бодлого” алдагдсан явдал билээ. 1950,60,70-аад онд Багшийн дунд, дээд сургуульд хамгийн сурлага сайтай, хүмүүжилтэй хүүхдийг дээрээс нь сонгон шалгаруулж авдаг байсан учир энэ үед төгссөн, одоогийн ахмад багш нар үнэхээр үлгэр дууриалтай байлаа. Одоо багш бэлтгэх сургуульд эсрэгээрээ сурлага, хүмүүжил  хамгийн тааруу, төлбөрийн мөнгөтэй л бол хэн ч хамаагүй ордог болсноос сүүлийн үеийн багш нарын мэдлэг, чадвар, төлөвшил эрс муудсанаас багшийн нэр хүнд уналтад ороод байна. Бас дээр нь 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр “бүтцийн өөрчлөлт” нэрээр “хэдэн төгрөг өгч тааруухан багш нараасаа салах” гэтэл харин урдаа барьдаг, сэтгэдэг, юм хийдэг багш нар нь “хэдэн төгрөг”-ийг нь аваад зах зээлд гарчихсан билээ. Ингээд манлайлдаг багшгүй “дундыг баримтлагчид” үлдсэний дээр шаардлага хангахгүй шинэ төгсөгчдөөр эгнээгээ дүүргээд байж байгаа нь энэ. Тэгэхдээ чин үнэнчээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ үнэнхүү дуртай цөөн багш үлдсэнийг үгүйсгэх гээгүй шүү. Харамсалтай нь тийм багш нарын, нийт багшийн нарын дунд эзлэх хувь хангалтгүй байна. Төр Монголын ирээдүйг л анхаарах  нь үнэн  юм бол “Багш бэлтгэдэг сургууль”-уудыг хараа хяналтдаа авч, “Багш бэлтгэх тогтолцоо”-г  эрс шинэчлэн өөрчлөх, нэгэнт бэлтгэсэн багш нараа чадваржуулах, мэргэшүүлэх, сэтгэлгээг нь шинэчлэх, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх ажлыг, ЕБС-ийг шинэ бүтцэд шилжүүлэх арга хэмжээтэй нягт уялдуулан зохион байгуулах  шаардлагатай байна. Шаардлага хангахгүй, чадваргүй, орон тоо бөглөж, цалин авдаг, сэтгэлгүй 1000 багштай  байснаас чадвартай, сэтгэлтэй 100 багштай байсан нь дээр шүү.
4.      Дээрх асуудлуудтай салшгүй холбоотой  нэн чухал асуудал бол багшийн сургах, хүүхдийн сурах бичиг билээ. БCШУЯ сүүлийн хэдэн жил сурах бичиг зохиох, хэвлэх, тараах ажлыг хэвлэлийн газрынхны мэдэлд өгснөөр ямар алдаа завхралд хүрснийг энд нуршаад яахав. Ганц жишээг дурьдахад хэвлэлийн техникч хүн  ЕБС-ийн сурах бичиг зохиодог болсон шүү дээ!!
    Сүүлийн 2 жил арай дээрдэх төлөвтэй байна. Тэгэхдээ сурах бичиг зохиох, хэвлэх, тараахыг бизнесийн хэдхэн бүлэглэлүүд “өмчилж” авчхаад байгаагаас сурах бичгийн чанар, хүүхдэд хүрэх өгөөж, хүртээмж өнөөгийн хэрэгцээг хангаж чадахгүй байна.
          ЕБС-ийн сурах бичиг нь тухайн насны хүүхдэд ойлгомжтой, энгийн, товч тодорхой, бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн, маргаан будлиангүй, батлагдаж нотлогдсон нэр томъёо, ухагдахуун, хууль, зүй тогтол, тодорхойлолт, дасгал бодлого, бие дааж, бүтээлчээр сэтгэн бодох агуулгаар зохиогдох ёстой атал ЕБС-д нэг ч цагийн хичээл зааж үзээгүй, зөвхөн их, дээд сургуулийн  эрдэмтэн багш нар  сурах бичиг зохиож байгаагаас өөрсдийн судалгааны түвшингийн шинэ нэр томъёо,  үзэл хандлагаа “тулган хүлээлгэх” байдлаар оруулснаас сурах бичиг “ихээхэн зузаарч”, зарим зүйлийг нь хүүхэд байтугай багш нь ойлгоход хүндрэлтэй болж, амьдралд яг хэрэг болох зүйл нь улам багасаад байна.
        Сурах бичиг, зөвлөмж, гарын авлагыг ЕБС-д олон жил ажиллаж, өөрийн арга барилтай болсон, зовлонг нь мэдэх багш, онолын эрдэмтэд хамтарч зохиогоод туршилтаар үр дүнг нь нотолсны дараа хэвлэж тараадаг болмоор  байна..
5.      Өнөөгийн хүүхдүүд маань 6 настай сургуульд орсон анхны өдрөөсөө эхлээд 8-10, дунд, ахлах ангидаа 13-16 төрлийн шинжлэх ухааны асар их мэдлэг, иргэн төлөвшихөд ямар ч хэрэгцээгүй  мэдээ, мэдээлэлд дарагдсанаас болж, сурах арга барил эзэмших, бүтээлчээр сэтгэх, бие даан ажиллаж сурах завгүй, тэнхэлгүй болж туйлдаж байна.
     Миний олон жилийн ажиглалт, судалгаанаас үзвэл, дуу хөгжим, биеийн тамир, дүрслэх урлаг, хөдөлмөр, уран зохиол, иргэний боловсрол гэх мэт “хичээл”-үүдийг ангиас гаргаж, үйл ажиллагааны сургалт болгож, хичээлийн тоог цөөрүүлэх, жинхэнэ иргэн төлөвшүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх, “хичээлийн дарамт”-аас гаргах асар их боломж сургууль, багш нарт бий. Гагцхүү   үүнийг “дээрээс зөвшөөрөхгүй” байгаад хамгийн гол учир байна.
    “Авьяас”, “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгааг миний бие “нүдээ олсон” зөв ажлын эхлэл  мөн гэж дэмжиж байна. Гэхдээ энэ олон хичээлийг хэвээр нь хадгалаад, дээр нь эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэвэл хэдэн хүүхэд нь ийм их ачааллыг даах бол...?!
     Харин дээрх “хичээл”-үүдийг үйл ажиллагаа болгоод шинэ хөтөлбөрүүдтэйгээ нягт уялдуулж чадвал сая үр дүнгээ өгнө гэдэгт би бат итгэж байна. “Айвал бүү хий. Хийвэл бүү ай” хэмээх сургаал буй.
   Үлдсэн хичээлүүдээ суурь боловсролын түвшинд нийгмийн ухаан, байгалийн ухаан гэсэн 2 чиглэлтэй болговол хүүхдүүд маань цөөн цаг хичээллээд ихэнх цагаа үйл ажиллагаа буюу секц, дугуйлан, хамтлаг, бүлэг, нийгэмлэг, уран уншлага, уран илтгэгч, уран бичлэг, жүжигчилсэн тоглолт, хөнгөн атлектик, спорт тоглоом, хөгжим, бүжиг, уран зураг, уран баримал, шатар даам, усанд сэлэлт, гэрэл зураг, компьютер гэх мэтээр авьяасаа хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд зарцуулах цаг боломж нь нэмэгдэх өргөн боломж нээгдэх болно.
    Харин ахлах ангидаа сонгон мэргэших чиглэлээр тодорхой шинжлэх ухаануудаа судалбал жинхэнэ  утгаараа 12 жилийн сургалтад шилжиж, их, дээд, дунд сургуулийн залгамж холбоо дээшилж, ирээдүйн мэргэжилтний чадвар мэдэгдэхүйц сайжрах болно. Одоогийнх шиг 10 жилд үзэж байсан агуулгаа 12 жилд тараан хувааж байрлуулаад ямар ч өөрчлөлт шинэчлэлт гарахгүй, үр дүнгүй ажил болно.

       Энэ 5 ажил бол цогцоор нь  шийдвэл зохих нэг нь нөгөөтэйгээ салшгүй холбоотой Боловсролын салбарын амин чухал асуудал гэдгийг Сайд та юу эс андах билээ.

No comments:

Post a Comment