Friday, November 8, 2013

Хичээнгүй бичгийн сургалтын уламжлал, шинэчлэл



   Эх байгалиасаа ялгарч хүмүн төрөлхтөн буй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн харилцааны гол хэрэглүүр бол хэл юм. Өгүүлэгч, сонсогч хоёр этгээд нэг орон зайд, тодорхой нэг хугацаанд хамт байх нөхцөлд л хэл харилцааны хэрэглүүр болж өгдөг.
   Гэтэл нэг талаас, хүмүн төрөлхтний аж төрөл хөгжихийн хэрээр, нөгөө талаас хүмүний хэзээ ч дуусч дундардаггүй хэрэгцээний эрхээр цаг хугацаа, орон зайн эрхшээлийг давж, өгүүлэгч, сонсогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд харилцаж болох боломжийг эрж хайсны үр дүнд хүмүн төрөлхтөн бичиг хэмээх гайхамшигт зүйлийг бүтээжээ.
   Дэлхийн хэмжээнд бичиг үсгийн үүслийг МЭӨ 3300 жилд хоёр мөрний хөндийд нутаглаж байсан эртний Мисир/одоогийн Египет /-ийн шаантаг бичиг мөн гэж албан ёсоор үздэг бөгөөд түүнээс финик бичиг, армей бичиг, грек бичиг, согд үсэг, уйгар үсэг, монгол бичиг уламжлан үүсчээ.
   Хүмүн төрөлхтний бичиг үсгийн хөгжлийн түүхийг:
Ø  Зураг бичиг /picmkgrammes/
Ø  Санаа бичиг /ideogrammes/
Ø  Авианы бичиг /ponogrammes/ хэмээн ерөнхийд нь ангилсан байдаг.

   Монголчууд олон зуун жилийн өмнөөс дорно дахины бичиг үсгийн эртний соёлт ард түмнүүдийн нэгэн адил бичиг үсэгтэй болж, улмаар боловсруулан сайжруулсаар ирсэн бичиг үсгийн соёлын арвин баялаг уламжлалтай ард түмэн билээ. Өнгөрсөн түүхийнхээ явцад арваад бичиг үсгийн тогтолцоог монгол газар нутаг дээрээ боловсруулан хэрэглэж ирсэн монголчуудын бичиг үсэг нь хүмүн төрөлхтний бичиг үсгийн түүхийн салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг яах аргагүй мөн.
     
Түүхийн сурвалж бичгүүдэд дурьдсанаар монголчууд 920 онд “Их, бага бичиг” зохион хэрэглэснээс эхлээд монгол бичиг, дөрвөлжин бичиг, манж, тод, соёмбо, Вагиндрагийн үсэг, латин үсэг, кирилл үсгийг харилцан адилгүй хугацаагаар хэрэглэж иржээ. /Ц.Нацагдорж  “Монголчуудын бичиг үсгийн түүхээс” товхимолоос тодруулж үзнэ үү. /
Бичиг үсгийн түүхийг товч авч үзсэний  учир утга нь аливаа улс үндэстнийг тодорхойлогч нэг хүчин зүйл нь тухайн үндэстний хэл, бичиг үсгийн онцлог бөгөөд бичиг үсгийн соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь тухайн үсгийг хичээнгүй бичих асуудал юм. Ер, аливаа улс үндэстэн бичиг үсгийг авч хэрэглэхдээ хэрхэн хичээнгүй бичих тигийг боловсруулж, үр хүүхэд хойч үедээ заан сургаж уламжлуулдаг байна.
 Монголчуудын хичээнгүй бичгийн сургалтын уламжлал нь олон зуун мянган жилийн түүхэн улбаатай болох нь хэдийд бичиг үсэгтэй болсон цаг хугацаатай шууд холбоотой юм.
 Монголчуудын хичээнгүй бичгийн сургалтын түүхэн уламжлалыг:
1.       Анх бичиг үсэгтэй болсон үеэс 1204 он хүртэлх эртний үе
2.       1204 оноос 1942 он хүртэлх монгол бичгийн үе
3.       1942 оноос өнөөг хүртэлх шинэ үсгийн/кирилл/ үе хэмээн гурав хуваан үзэж болох юм.
   Эртний үед хамрагдаж буй бичиг үсгийн судалгаа хийж байгаа боловч нэг мөр тодорхой болоогүй тул тухайн үсгийг хичээнгүй бичих тиг хийгээд хэрхэн сургаж байсан уламжлал нэн бүрхэг байна.
    Харин 2-р үеийн хувьд бидний дээд өвөг Чингэс хаан 1204 онд монгол бичгийг “Хөх Монгол улсын төрийн бичиг” болгох зарлиг гаргаснаас хойш олон бичиг үсэг зохион хэрэглэсэн боловч монголчуудын харилцааны хэрэгцээг хамгийн олон жил/1000-аад жил/бүрэн дүүрэн  хангасаар өнөөг хүрч ирсэн бичиг үсэг бол МОНГОЛ БИЧИГ юм. Энэ түүхэн хугацаанд монголчууд монгол бичгийн модон , чулуун, хорголжин барын тиг, хулсан үзэг, бийр, төмөр үзгээр хэрхэн хичээнгүй бичих тиг, таталган бичих, уран бичлэг, угалзан ба чимэглэлийн болон эвхэж бичих тигийг  боловсруулан төгөлдөржүүлснээр монгол бичгийн өвөрмөц соёл нэгэнтээ бий болсон байна.
    2- р үеийн монгол бичгийн хичээнгүй бичгийн сургалтыг:
v  Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн хичээнгүй бичих тиг
v  Сонгодог монгол бичгийн  үеийн хичээнгүй бичих тиг хэмээн 2  шатанд хуваан үзэж болно.
   Сонгодог монгол бичгийн өмнөх үед монгол үсгийн тиг бүрэн тогтоогүй, бичээч тус бүр өөр өөрийн бичиж дадсан тигээр сургалт явуулдаг байсан учир суралцагчийн бичгийн хэвээр нь ямар бичээч багшийн шавь болохыг хялбархан мэдэж болдог байв.
   Сонгодог монгол бичгийн  үед монгол бичгийн үндсэн ба туслах зурлагыг бийр болон үзгээр хэрхэн бичих тиг нэгэнт тогтвортой болсон төдийгүй дээд газар болон хүндэтгэлтэй хүнд өргөх бичиг, доод газар буюу заргалдах, анд нөхөр бололцох хүнд илгээх бичиг, захидлыг ямар тигээр бичих нь  тогтсон нарийн дэг журамтай болсон байна.
    Ер, манай ахмад үеийнхэн уншдаг, бичдэг, бичиг үсэг мэддэг хүн бүр бичээч, багш болдоггүй, тогтсон тиг журмыг сайтар мэддэг, алдаа мадаг гаргадаггүй өөрөөр хэлбэл бичгийн өндөр соёл баттай эзэмшсэн хүн бичээч, багш болдог “бичигдээгүй хууль”-тай байлаа. Монгол хүн бүр номын үсгийн зурлагыг буруу, муруй хазгай, үг, өгүүлбэр, эхийг алдаа мадагтай бичихийг “нүгэл хилэнц үйлдэв” хэмээн үздэг бичиг үсгийн асар их өндөр соёлтой ард түмэн билээ.
   3-р үе буюу 1942 оноос өнөөг хүртэлх үед     Их гүрний шахалт шаардлагаар кирилл үсгийн тогтолцоог “Монголын шинэ үсэг” болгон авч хэрэглэхдээ Орос улсын баримталж буй хичээнгүй бичих тигийг хуулбарлан  сүүлийн 70-аад жил хэрэглэж байна. Энэ үйл явц ЕБС-ийн бүтэц, сургалтын бодлого, чиглэлтэй уялдан дараах 3 шатыг дамжсан байна.
 I шат: 1942- 1960-аад оны эх хүртэл. Энэ шатанд хичээнгүй бичгийн дэвтрийн мөрийн шугам нь 3, ташуу шугам нь ойрхон, үсгийн зурлагыг угалзлан, үзэг салган дээгүүр, доогуур холбон бичдэг байв. Оросын “Чисто писание” хэмээх сурах бичгийг эх хэлнээ орчуулахдаа “Хичээнгүй бичиг” хэмээх олон зуун жил мөрдөж баримталж байсан уламжлалаа “феодалын үг хэллэг” хэмээн эндүүрч “Цэвэр бичиг ” хэмээн үгчлэн орчуулснаас гажуудлын эх үүсвэр тавигдсан боловч олон жилийн уламжлалаараа ЕБС-ийн 1-р ангийн сурагч, Багш бэлтгэх сургуулийн оюутнуудад “Цэвэр бичиг”-ийн биеэ даасан хичээл ордог, ямар ч мэргэжлийн багш юуны өмнө үсгийг элементээр, үг өгүүлбэрийг алдаагүй бичих нэгдсэн шаардлага тавьж хэрэгжүүлдэг байлаа. Үүний үр дагавар нь өнөөгийн ахмадуудын бичгийн соёл өндөр байдагт оршино.
II шат: 1960-аад оны эхнээс 1990-ээд оны эх хүртэл. Энэ шатанд хичээнгүй бичгийн дэвтрийн мөрийн шугам нь 2, ташуу шугам нь хол болж, үсгийн зурлагыг үзэг салгахгүй, зөвхөн доогуур холбон  бичдэг байв. Энэ үед бие даасан хичээл ордоггүй ч наад зах нь ангиараа, цаашилбал сургуулиараа, аймгаараа цэвэр хичээнгүй бичих хөдөлгөөн улс орон даяар өрнөж, монгол хэлбичгийн олимпиадын хувийн тэргүүн болон улс, аймаг, сургуулийн тэргүүний 3,6,10-р ангийг шалгаруулахдаа бичгийн хэв, жигдрэлтийг нэг гол үзүүлэлт болгон дүгнэдэг байв.Тухайлбал: Улсын монгол хэл бичгийн олимпиадад түрүүлсэн ангийн хүүхдүүдийн бичгийн хэв тиг нь нэг хүн бичсэн юм шиг жигдэрсэн байдаг, Говь-Алтай, Баянхонгор, Булган аймгийн хүүхдүүд жигд сайхан бичигтэй гэж үнэлэгддэг байлаа. Энэ үеийн хичээнгүй бичгийн сургалтын үр дагавар нь өнөөгийн дунд үеийнхний бичиг үсгийн соёлын түвшин арай ч “нүүр улайлгахааргүй” байдагт оршино.
III шат: 1990-ээд оны эхнээс  өнөөг хүртэл. Энэ шатанд хичээнгүй бичгийн дэвтрийн мөрийн шугам нь 2, үсгийн налууг баримжаалах үүрэг бүхий хэдхэн ташуу шугамтай болж, үсгийн зурлагыг үзэг салган дээгүүр, доогуур холбон бичиж байна. Нийгмийг бүхэлд нь хамарсан шинэчлэлт өөрчлөлт боловсролын салбарыг тойроогүй бөгөөд дайрахдаа хичээнгүй бичгийн сургалтын хувьд тун тааруухан үр дагаврыг дагуулсан юм. Тухайлбал: Хүүхэд бүрийг хичээнгүй,  алдаагүй зөв бичиж сургах, бичиг үсгийн соёлтой иргэн төлөвшүүлэх зорилгоосоо ухарч, энэ талаар монгол хэлний багшаас өөр санаа зовдог хүнгүй болсон, “эрх чөлөөгөө эдэлж” өөр өөрийн дур зоргоор бичдэг, “цэвэр бичиг” хэмээх нь үсгийн зурлага махбодын тигийг баримтлан бичих эсэх нь гол биш, гадна үзэмж нь “цэвэр”  байхыг гол шалгуур болгосон, багш бэлтгэх сургуулийн оюутнуудад энэ талын мэдлэг,чадвар дадал олгодоггүйгээс “орчин  үеийн багш” нарын бичсэн зүйлийг өөрөөс нь өөр хүн тайлж уншихад бэрхшээлтэй болсон, тэр ч байтугай ангийн самбар дээр өнөөгийн багш нар эмх замбараагүй, алдаатай, муруй хазгай бичиж байгааг яавч зөвтгөх аргагүй ээ.
   Хичээнгүй бичгийн сургалтын уламжлал алдагдаж, нэгдсэн бодлого чиглэл, арга зүй байхгүй болох хандлагатай байна. Хичээнгүй бичгийн дэвтрийн хэвлэлтэд тавих хяналт үгүй болсноос  мөрийн болон мөрийн дээд, доод шугамын хэмжээ алдагдсан, үсгийн зурлагын нэр, хичээнгүй бичих тигийг нь мэддэг багшгүй болж буй, үзэг салгахгүй бичдэг арга зүй эзэмшсэн багш нар  өнөөдөр арга зүйгээ шинэчлээгүй байгаа гээд олон зүйлийг хэлж болно.
    Нэгтгэн дүгнэвэл, хүмүн төрөлхтний бичиг үсгийн соёлын их сунгааг монголчууд өнгөлж байсан бол ухарсаар ухарсаар өнөөдөр “баян ходоод” болоод байгаад дүгнэлт хийж, өнөөгийн сургууль ,багш нар, багш бэлтгэдэг сургуулиуд хичээнгүй бичгийн сургалтын өмнөх “алтан үеийн  уламжлал”-ыг сэргээж, шинэчлэн хөгжүүлэх шаардлагатай байна.

No comments:

Post a Comment