Friday, November 8, 2013

Бодол санал



“Хэлний тухай” хуулийн төсөл санаачлагч ЭРХЭМ ГИШҮҮД танаа
Өчүүхэн өвгөн багш миний нэмэрлэх санал.
“Буурлаас үг сонс,
   Болсноос ам хүр” /Монгол ардын сургаал үгнээс/
Монгол хэл хэдийд үүссэн бэ?
   Хэл задрах, нийлэх үзэгдэл нь маш нарийн хэцүү бөгөөд урт удаан хөгжлийн явцын үр дүнд буй болно. Түүхэн тодорхой нөхцөлд нэг хэлтэй байсан ард түмэн эдийн засаг, улс төр, газар нутгийн байдлаас  шалтгаалан бие биеэс саланги оршин суух болсноос хоорондоо холбоогүй хэд хэдэн биеэ даасан хэлтэн болж салах ёс бий. Ингэж нэг хэлнээс салбарлан гарсан хэлийг төрөл хэл гэнэ. Төрөл хэлнүүд нь:
1.       Авианы тогтолцоо
2.       Үгийн бүтэц
3.       Өгүүлбэрийн байгуулал
4.       Үгсийн сангийн үндсэн үгсээрээ өөр хоорондоо нийтлэг шинжтэй байх бөгөөд тэрхүү нийтлэг шинж нь тухайн хэлнүүдийнхээ салсан хугацаанаас шалтгаалан харилцан адилгүй байна.
  Хэлийг гарал үүслээр нь төрөл болгон ангилах оролдлогыг хамгийн анх Чехийн нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Я.А.Коменский XVI зууны үед хийжээ. Мөн Оросын суут эрдэмтэн И.М.Ломоносов Энэтхэг-Европын хэлийг төрөл болохыг баталсан бөгөөд өнөөгийн дэлхийн хэлнүүдийг 20-оод төрөл хэлэнд багтаан судалж байна.
    Хэл шинжлэлчид XVIII зууны тэргүүн хагасаас эхлэн Түрэг, Монгол, Манж Түнгүс зэрэг хэлнүүдийг “Алтайн хэл” хэмээн оршин суугаа газар нутгаар нь хамааруулан нэрийдэх болжээ.Сүүлийн үед /XIX-XX зуун/ Солонгос, Япон хэлийг ч оруулах санал, судалгаа гарч байна.
   Төрөл хэлийг:
-          Ойрын төрөл хэл
-          Холын төрөл хэл хэмээн ангилдаг.  Алтай язгуурын томоохон хэлний нэг монгол хэлний  холын төрөл хэлэнд Түрэг, Манж-Түнгүс, Солонгос, Япон хэлийг оруулах хандлагатай байна. Харин ойрын төрөл хэлэнд Өвөр Монгол, Ойрд монгол, Буриад монгол, Монгор, Могол, Дагур, Дунсян, Бао-ань, Уйгар хэлнүүд багтана. Гэвч Алтай хэл шинжлэлд шийдвэрлэж хараахан чадаагүй асуудлууд бий. Үүнд:
1.       Алтайн нэгдмэл өвөг хэл байсан уу?
2.       Түрэг, Монгол, Манж-Түнгүс зэрэг төрөл хэлнүүд чухам хэдийд салсан бэ?
3.       Алтай язгуурын хэлэнд багтах хэлнүүд нэгдмэл өвөг хэлнээсээ хэрхэн салбарласан бэ?
   Дээрх асуудалд хариу олох гэж гадаад, дотоодын олон эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж, төрөл хэлний 4 шинжийг батлах оролдлого хийж буй боловч нэг мөр дүгнэлтэд хүрч хараахан чадаагүй маргаантай хэвээр байгаа боловч “Алтай хэл шинжлэл” хэмээх биеэ даасан салбар, чиглэл бий болсон байна. Хэрэв дээрх 3 асуудал шийдэгдвэл Монгол хэлний гарал үүсэл тодорхой болох юм. Ямар ч атугай монгол хэл нь Алтай язгуурын өвөг хэлнээс салбарлан гарч авианы тогтолцоо, үгийн бүтэц, хэл зүйн хэлбэр, өгүүлбэр зүйн байгуулал, үгсийн үндсэн сангийн талаар биеэ даасан онцлог шинжийг хадгалсан олон мянган жилийн баялаг түүхтэй нэн эртний хэл  бөгөөд олон мянган жилийнхээ түүхэн хөгжлийн явцад:
1.       Өвөг Монгол хэл /Биеэ даасан монгол хэл үүссэн үеэс эртний монгол хэлний үе хүртэл/
2.       Эртний Монгол хэл / IX,X зуунаас XI,XII зуун хүртэлх үе/
3.       Дундад үеийн Монгол хэл / XI,XII зуунаас XVI,XVII зуун хүртэлх үе/
4.       Орчин цагийн Монгол хэл / XVII зуунаас одоог хүртэл/ хэмээх 4 үе шатны онцлогийг дамжин хөгжиж иржээ.

Монгол хэл хэр зэрэг боловсон хэл вэ?
    Хүн төрөлхтний нийгмийн харилцааны хэрэглүүр болсон хэл нь түүхэн хугацааны явцад бүрэлдэн бий болж цаашид хувьсан  хөгждөг зүй тогтолтой  ажээ. Дэлхий даяар хэлцдэг хэлүүдийг  “Хэр зэрэг боловсон хэл вэ?” хэмээх шалгуураар хэмждэг түвшин нэгэнтээ буй болжээ. Та бидний хэлэлцдэг монгол хэлийг энэ шалгуураар  дэнсэлмэл:
  Боловсон хэл хэмээх нь:
-          Зөв бичих дүрэм нь цөөн, тогтолцоотой, боловсронгуй 
-          Хэлний зүйтэй
-          Орчуулах эрдмийн онол, арга зүйтэй
-          Толь зүйтэй
-          Харь хэлний үгийг тэмдэглэх тогтолцоотой болсон  хэлийг хэлнэ”  хэмээн олон улсад хүлээн зөвшөөрснийг  монгол хэл хэр хангаж байгааг бодит баримтад тулгуурлан авч үзье.
1.       Монгол бичгийн хэлний анхны хэл зүйг Санжа бандид Гунгаажалцан 1237 онд “Зүрхэн толт” нэртэйгээр зохиосныг одоогоор  бидэнд мэдэгдэж буй  баримтаар нотолсноос хойш  Пагва лам  Лодойжалцан, бандида Чойи-Одсэр, равжамба Данзандагва, лхарамба Агваандандар, өндөр гэгээн Занабазар, зая бандида Намхайжамц зэрэг олон монгол хэл зүйч, эрдэмтэд эртний Энэтхэгийн Панины хэл зүйн уламжлалаар монгол бичгийн хэлний зүйг боловсронгуй болгон хөгжүүлж, монгол бичгийн зөв бичих зүйн гол ёс  / хууль/, зөв бичих зүйн зарчим, зөв бичих дүрэм  нэгэнтээ тогтож, олон зууны турш тогтовортой хэрэглэсээр эдүгээг хүрчээ..  /Монгол бичгийн зөв бичих зүй нь 5 гол ёс/хууль /, 4 зарчим, 2 зөв бичих  дүрэмтэй/  
    Зөв бичих дүрэм нь зохиомол зүйл боловч хэдийчнээн тухайн хэлний дотоод зүй тогтолтой ойр нийцтэй байна төдийчнээн хэрэгжих боломжтой, хэдийчнээн хол хөндий “зохиомол” байна төдийчнээн хэрэгжих боломж муутай байдаг байна.
   Миний монгол бичгийн багш өвгөн эгшиг, гийгүүлэгч гэх мэт хамгийн наад захын зөв бичих дүрмийн мэдлэг байхгүй атлаа ямар ч үгийг алдаагүй бичдэг байлаа. Энэ бол “Даяг үзээд нэрч болдоггүй” хэмээх монгол ухааны туйлын үнэний гэрч билээ.
     Гэтэл өнөөгийн хүүхдүүд ЕБС-д орсон анхны өдрөөсөө эгшиг, гийгүүлэгчээс эхлэн  10-аад жил зөв бичих дүрэм заалгаад алдаагүй бичиж чадахгүй л байна. Энэ бол монгол үсэг, кирилл үсгийн зөв бичгийн дүрмийн тогтолцоотой холбоотой нарийн асуудал юм.
2.       1306 онд уйгар, хятад, санскрит, түвд хэл мэдэх 29 эрдэмтэнд ном орчуулах, хэвлэх, хянах үүрэг өгч байсан тухай “Юань улсын түүх”-д дурдсанаас үзэхэд монголчууд эртнээс нааш дорно дахины сонгодог бүтээлийг эх хэлнээ орчуулан ашиглаж байжээ. Зөвхөн ганц жишээ дурдахад дэлхийн оюуны санд томоохон байр эзэлдэг ЮНЕСКО-гийн үнэт өвийн санд бүртгэгдсэн “Ганжур”, “Данжур”-ыг ганцхан сарын дотор 200 гаруй гүүш орчуулан, ариутган шүүж/редакторлах/, барлаж/хэвлэх/ байснаас үзэхэд монголчуудын орчуулгын эрдэм ямар түвшинд хүрснийг гэрчлэх бөгөөд энэхүү орчуулгын ажлын нэр томъёог нэг мөр болгохын тулд Жанжаа хутагт Ролбийдорж тэргүүтэй дуун хөрвүүлэгчид “Мэргэд гарахын орон” хэмээх нэр томъёоны толь зохиосон нь өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүйн зэрэгцээ хятад, түвд, манж, санскрит, монгол 5 хэлний толь бичгээс эхлээд орос, герман, франц, англи, латин, грек хэлний толины тусламжтайгаар дэлхийн сонгодог бүтээлүүдтэй монголын ард түмэн одоог хүртэл  танилцсаар байна.
       Эртний Энэтхэгийн яруу найргийн онолч Дандины “Зохист аялгууны толь” хэмээх алдарт бүтээлийн үлгэр дууриаллаар Халхын яруу найргийн онолч Жамьянгарав, зая гэгээн Лувсанпэрлий нар яруу найргийн онолыг эх хэлнээ боловсруулан үлгэр жишээлэн үзүүлсэн төдийгүй, орчуулах эрдмийн олон эрдэмтэн мэргэд түвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсны зэрэгцээ гадаад хэлнээс эх хэлнээ шашны бүтээлийг үгчлэн орчуулах, иргэний утга уянгын зохиол бүтээлийг утгачлан орчуулах эрдмийн арга билгийг төгөлдөржүүлэн хөгжүүлсэн байна.
3.       Монгол бичгийн хэлний “Хорин нэгт”, “Гучин зургаат”- ын тайлбар толиос эхлээд Б.Шагжийн “Монгол үсгийн дүрмийн толь” УБ 1937, Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нарын ”Зөв бичих дүрмийн толь” УБ 1951, С.Мөөмөө “Зөв бичих дүрмийн толь” УБ 1962, Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” УБ 1966, Х.Далхжав нарын “Зөв бичих зүйн толь бичиг” УБ 1974, Галсанпунцаг “Шинэ үсгийн хадмал толь” ӨМ 1987, Рашдонров “Сурагчийн монгол хэлний толь” ӨМ 1988, Чой.Лувсанжав “Монгол бичгийн хадмал толь” УБ 1992 зэрэг зөв бичих зүйн толь бичгүүд гарч монгол бичгийн хэлний хэл зүй нэгэнт тогтворжсон ажээ.
4.       XV-XVI зууны үед Монголд шарын шашин хүчтэй дэлгэрэх үед түвд хэлнээс бурхан шашны болон санскрит, хятад хэлнээс иргэний утга уянгын сонгодог бүтээлүүдийг орчуулан хэвлэхэд харь хэлний үг, утгыг үсэгчлэн буулгахад монгол бичгийн цагаан толгойн үсэг учир дутагдалтай байсан тул Харчины Аюуш гүүш 1587 онд “Али гали” хэмээх галиг үсгийн цагаан толгойг зохиосноор ямар ч гадаад үгийг монгол бичгээр  тэмдэглэн орчуулах боломж бүрдсэн билээ.
     Энэ бүхнээс үзэхэд монгол хэл нь дэлхийн боловсон хэлний шалгуурыг бүрэн хангасан БОЛОВСОН ХЭЛ  юм. 
     Монгол хэлний үгийн сангийн тоог хэд болохыг одоогоор судлан тогтоогоогүй бөгөөд билгүүн номч/академич/ Б.Ринчений тэмдэглэн үлдээснийг сөхөн үзвээс...” ...бидний хэлэлцэх монгол хэл нь нэн эртнийх бөгөөд гадаад олон улсын ямар ч үгийг эх хэлнээ орчуулах бүрэн боломжтой.... бардаагаар нэг сая үг бэлхнээ буй нь гадаадын ямар ч үгийг эх хэлнээ буулгахад үг дутах гачлан байхгүй...” хэмээсний дээр Билгүүн номч/академич/ Ц.Дамдинсүрэн оюутан бидэнд лекц унших дашрамдаа “... миний бие нэрт монголч эрдэмтэн багш нарынхаа лекцийг монгол бичгээрээ бичиж тэмдэглэдэг байсан бөгөөд шалгалт шүүлэг өгөхдөө мөнөөх тэмдэглэлээ хараад ярьчихдаг байлаа. Багш нар маань нэртэй эрдэмтэн хэдий ч өчүүхэн намайг орос үгийг  монгол үсгээр тэмдэглэснийг яахан мэдэх билээ дээ. Одоогоор та нарын хэлдгээр бол “шипи”- дсэн байна ш дээ гэж байж билээ. Энэ бол галиг үсгийн гайхамшгийн бодит жишээ юм. Харамсалтай нь энэ гайхамшгийг мэддэггүй /тэнэг/ хүмүүс монгол бичгээр гадаад үгийг тэмдэглэж болдоггүй, цахим хэрэглээнд тохирохгүй “хоцрогдсон бүдүүлэг бичиг үсэг” хэмээн мунхагладаг билээ. Гэтэл өнөөгийн Өвөрмонголчууд монгол бичгээ нандигнан хайрлаж , дээдлэн шүтэж эдүгээ хүртэл өдөр тутмын болон цахим орчинд хэрэглэсээр гадаадын ганц ч үгийг үгийн сандаа оруулалгүй эх хэлээ ариунаар сахин хамгаалахын үлгэр дууриаллыг үзүүлж байхад та бид кирилл үсгийг монголын шинэ үсэг хэмээн  шүтэн биширч буй нь “бичиг мэддэг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа” хэмээн баян Итгэлтийн хэлдэгтэй агаар нэгэн бөгөөд “төрсөн үрээ хээр гадаа хаячхаад хүний хүүхдийг өргөн авч энэ л  миний хайртай үр минь мөн” гэсэнтэй утга нэг болж мугуйдлан мунхарч байгааг ЭРХЭМ ГИШҮҮД эрүүл саруул ухаанаар тунгаан бодууштай байна.
   Билгүүн номч/академич/ Б.Ринчен багш гадаадын 30-аад хэлийг бичих, ярихын түвшинд чөлөөтэй хэрэглэдэг боловч өдөр тутмын хэл яриандаа гадаад үг хэрэглэхийг цээрлэдэг байсан нь эх хэлээ хайрлан хамгаалж байсны үлгэр дууриал яах аргагүй мөн. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүд маань орос, англи хэлийг мэднэ хэмээх нь их эрдэмтний дэргэд “ичмээр дамшиг” бөгөөд  телевиз болон олон нийтийн өмнө эх хэлээрээ хэлж ярьж болох нийт дундын үгийг англиар хазгай муруй ярьж хэлэх нь ухаантай, боловсон хүний ёс зүй яав ч биш, этгээд бүдүүлэг чамирхлын илрэл мөн гэдгийг сонгогчид бид хэдийнээ мэдэх болсон билээ.

Бид монгол үндэстэн мөн үү?
  Өнөөгийн дэлхийн соёлт хүмүн төрөлхтөн биеэ даасан үндэстэн мөн эсэхийг дараах шалгуураар тогтоодог ажээ. Үүнд:
1.       Тухайн үндэстэн хэл, бичиг, соёлоороо бусад үндэстнээс ялгардаг байна.
    Монгол үндэстний олон зуун мянган жил хэрэглэсээр ирсэн, одоо ч хэрэглэж буй монгол хэлний гарал үүсэл, онцлогийн талаар дээр товч дурдсан учир дахин нуршихын хэрэг юун. Та бид өөрийн өвөрмөц нэн эртний баялаг сайхан хэлтэй ард түмэн билээ. Ганцхан жишээ хэлэхэд өнөөөгийн залуучуудын шүтэн биширч хошуураад байгаа англи хэлэнд харааны эрхтэнд хүртэгдэх үйлийг
To look /харах /,  to see /үзэх / хэмээх хоёрхон үгээр илэрхийлж байхад монгол хэлэнд харах, үзэх, гөлрөх, ширтэх  хэмээх  утгын ялгамжтай 4 үгээр илэрхийлэх ба найруулга дундын буюу энгийн ярианд толгой, дээд найруулга буюу өргөмж утгаар тэргүүн, доод найруулга буюу доромж утгаар бөндгөр хэмээн 1 зүйлийг 3 ялгамжаар илэрхийлж байгаагаас үзэхүл монгол хэл ямар баялаг хэл болох нь маргашгүй баталгаа нотолгоо болно.
     Харин сүүлийн үед монголчуудын баялаг яруу сайхан үг хэллэг цөөрч, хэл яриа ядуурч, этгээд бүдүүлэг үг хэллэг, гадаад үг хэтэрхий олширч монгол хэлний дархлаа суларч, хойч үе маань өвөрмөц болон хэлц үгний тансаг сайхныг ойлгохгүй болж байна. Хэл бол сэтгэхүйтэй салшгүй холбоотой бөгөөд хэл ядуурах нь тухайн үндэстний сэтгэлгээний хөгжил ямар байгаагийн илрэл юм. Тухайлбал, бидний үлгэр авах эрхэм гишүүд маань “...д ач холбогдол өгч байна”, “...надад харагдахгүй байна”,”...би ингэж харж байна...”, ”...энэ асуудал өөрөө” “...энэ утгаараа” гэх мэт ойлгомжгүй “албархаг” үг хэллэг, гадаад үгийг ярьж хэлж буй өгүүлбэр бүртээ хэрэглэж байна. Ийм жишээг эрж хайх хэрэггүй, түгээмэл өргөн дэлгэрсэн “өвчин” болсон төдийгүй, түүвэрлэн бичвэл зузаан толийн хэмжээнд төвөггүй хүрнэ.
    Монголчууд нь дэлхийн эртний бичиг үсгийн соёлт ард түмнүүдийн нэгэн адил бичиг үсгийн боловсрол, соёлоор тэргүүлэгч төдийгүй хүмүн төрөлхтний бичиг үсгийн оюуны санд оруулсан  өөрийн нэрийн хуудас “монгол бичиг”-ээ өнөөдрийг хүртэл хадгалан  хэрэглэсээр буй түүхэн уламжлалт ард түмэн билээ. Энэ их үйл хэрэгт ззэн Чингэс хаан 1204 онд монгол бичгээ төрийн бичгээр тунхаглаж, үеийн үед, үрийн үрд  үргэлжид мөнх дэлгэрүүлсүгэй” хэмээн зарлиг буулгасан нь түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг.
    Монголчууд шиг нийгмийн хөгжлийн түүхэн явцдаа монгол газар  нутагтаа, монгол хүн 10-аад бичиг үсгийн тогтолцоог боловсруулан хэрэглэсэн ард түмнийг дэлхийн түүхнээ эрээд олоход нэн ховор. Бичиг үсгээ солин шинэчлэх нь улс төрийн учир шалтгааны улбаатайгаас гадна хамгийн чухал нь үндэснийхээ бичиг үсгийг тухайн цаг үетэйгээ нийцүүлэн засан сайжруулж, боловсронгуй болгохын төлөөх тэмцэл байсан юм. Киданчууд МЭ-ний 920 онд “Их бичиг”, таван жилийн дараа “Бага бичиг” зохион хэрэглэснээс эхлээд монгол бичиг, дөрвөлжин бичиг, манж бичиг, тод үсэг, соёмбо үсэг, али гали үсэг, Вагиндрагийн үсэг, латин үсэг, кирилл үсэг гэх зэрэг бичиг үсгийг тодорхой цаг хугацаанд хэрэглэсээр ирсэн боловч монголчуудын бичгийн хэрэгцээг хамгийн олон жил хангаж буй бичиг нь монгол бичиг билээ.
    Монгол бичгийн гарал үүслийн тухайд Арамей гаралтай Согд үсгээс үүсэлтэйг эрдэмтэн судлаачид зөвшөөрөн хүлээдэг боловч чухам хэдийд зохиосон цаг хугацааны талаар санал нэгдэж чадаагүй байна. Монгол бичиг нь монгол хэлний нутгийн аялгуунуудын онцлогийг жигд тусгаж, тэдгээр олон аялгууг тэгш авч явснаар буриад, ойрад, халх, өвөрлөгч аялгуутнууд нэг бичиг үсэгтэй, түүнийгээ өөр өөрийн дуудлагаар уншиж ойлгодог гайхам онцлогтой ажээ. Жишээ нь: čaγan гэж бичсэнийг халх хүн “цагаан”, өвөрлөгч хүн “чагаан”, буриад хүн “сагаан” хэмээн өөр өөрийнхөө аялга дуудлагаар уншина. Харин бичлэг нь нэг л байна. Оросын нэрт монголч эрдэмтэн академич Б.Я.Владимирцов “..монгол бичгээр бичсэн зүйлийг монголчууд өөр өөрийнхөө аман аялгууны онцлогт тохируулан өөр өөрийнхөөрөө уншдаг. Монголчууд яруу сайхан ярья гэхээрээ монгол бичгийнхээ хэлэнд л шүтмүй. Монголын уран яруу илтгэгчид халхын аялгуугаар бус, монгол бичгийнхээ хэлээр л ярьдаг бөлгөө.” /Сравнительная грамматика монгольского писменного якыка и халхинского наречия” хэмээн тэмдэглэсэн нь бий. Монгол бичгийн энэ гайхамшигт онцлогийг үл мэдэгчид эсрэгээр нь монгол бичгийн “хоцрогдсон”, ”сул тал” хэмээн тайлбарлаж буй нь туйлын эмгэнэлтэй юм.
   “ Орчин үед монгол хэлбичиг болоод ярианы найруулга эрс муудсаныг олон нийтээр хэлэлцэж яагаад? ийм болов? хэмээвэл нийт монгол түмнийг хэл болоод бичгийнх нь хувьд нэгтгэж, тансаг яруу найруулгыг нь тээсээр ирсэн монгол бичгийг, монгол бичгийн хэлийг өөрчилсөнтэй холбоотойн сацуу 1960-аад оны үеэс монгол хэлний нийгмийн үүргийг сааруулж улмаар үгүй хийх гэсэн эрмэлзэл давхар нэрмээс болсон гэж үзэх үндэс бий” хэмээн хүмүнлэгийн ухааны доктор Ц.Шагдарсүрэн тэмдэглэсэн нь бий. Хэрвээ та монгол үндэстэн мөн л юм бол үндэстнийхээ нэрээр нэрлэгдсэн, монгол хэлнийхээ дотоод зүй тогтолд тулгуурласан монгол бичгээ “ад шоо” үзэлгүйгээр сэргээн хэрэглэх нь монгол үндэстний тусгаар тогтнолын нэгэн баталгаа  болно.  
   Түүхэн баримтаас үзвэл, монголчууд эх хэлнийхээ талаарх төрийн бодлогоо цааз хуулиндаа тусгай зүйл болгон оруулдаг байсан ажээ. Тухайлбал: 1640 оны “Их цааз” хуулинд:
   ...сайдуудын хөвгүүд монгол бичигт  эс гэгээрвээс эцгээс нь гунан морь аваад хөвгүүний  багшид өгч сурга, олонд танигдах хүний хөвгүүд монгол бичигт  эс сурваас гунан хонь аваад багшид өгч сурга, хөвгүүний нас 15 хүртэл эс сурваас цаазтай...” хэмээжээ.
  “Морин хуур”, “Монгол уртын дуу”, “Хөөмий”, “Монгол үндэсний 600 гаруй хөлөгт тоглоом”, “Хэдэн мянган оньсон тоглоом”, “Мөсөн шагай, гар шагайн наадам”, “Монгол дархны олон зуун урлал”, “Ертөнцийн гурав”, 9 эрднээр бичсэн “Ганжур”, алт мөнгөөр урлан бүтээсэн “Сандуйн жүд”, тунгаамал алтаар бичсэн “Жадамба”, утсаар шаглаж бүтээсэн “Итгэл”, “Монгол шунхан Данжур”, “Эрдэнийн товч” хэмээх 71 м урт хуйлмал ном, Халхын өндөр гэгээн Занабазарын бүтээсэн 21 дарь эх тэргүүтэн зөвхөн ганц хувь бүтээж,  дэлхийн соёлын өв санд оруулсан олон зуун гайхамшигт бүтээлд монгол үндэстний сэтгэлгээ, ахуй амьдралын хэрэглээний соёл бүрэн туссанаас гадна  монгол хүний урлан бүтээх авьяас чадварын илрэл болсон бөгөөд монголчуудын утга соёл нэн өвөрмөц, далай баян болохын баталгаа мөн.
   Энэхүү дахин давтагдашгүй гайхамшигт утга соёлын өвийг үр хүүхэд, хойч үедээ зөвхөн эх хэл, эх бичгээрээ уламжлуулан үлдээдэг нь хүмүн төрөлхтний зүй тогтол. Үндэстнийг устгая гэвэл эхлээд бичиг үсгээс нь салгах /өв уламжлалаа  мэдэхгүй болно/, дараа нь эх хэлийг нь уусгах явдал юм.
2.       Тухайн үндэстэн зан заншил, уламжлалаараа  бусад үндэстнээс ялгардаг байна.
    Хүмүн төрөлхтөн олон зуун мянган жил оршин амьдарсан түүхэн хөгжлийн явцдаа нүүдлийн болон суурин соёл иргэншлийг  бий болгосон бөгөөд дэлхий нийтээрээ суурин соёл иргэншилд шилжээд түүндээ тохирсон үндэстэн бүрийн өвөрмөц зан заншлыг бүрдүүлжээ.
    Харин монголууд  XXI зууныг нүүдлийн соёл иргэншилтэйгээ угтан хүлээж авсан төдийгүй
“Хүндлэх мэндлэх ёс”, “Ахачлах дүүчлэх ёс”, “Эрийн 3 наадам”, “Цагаан сар”, “Хурим, найр хийх”,  “эсгий хийх, шинэ гэр барих”, “Гүүний үрс гаргах”, “Гүү барих”, “Гал тахих”, “Зоог, шүүс барих, зочноо угтах, дайлах ёс”,  “Уул овоо тахих, тайлга үйлдэх ёс”, “Бэр гуйх” “Монгол гэр”, “Монгол цагаан идээ бэлтгэх”, “Монгол дээл, хувцас” , “Бэлчээрийн мал аж ахуй” “Гүүний айраг”, “Борц” гэх мэтчилэн дэлхийд цорын ганц, дахин давтагдашгүй уламжлалт зан заншлаар арвин ард түмэн билээ. Харамсалтай нь 1930-аад оноос 1990-ээд он хүртэл “хоцрогдсон” феодалын ёс заншил хэмээн хориглосноос нэгэн жарны хугацаанд уламжлалт ёс, зан заншлаа умартахад хүрээд байснаа ардчиллын ач буянаар сэргэн хөгжиж, өргөн дэлгэрч байна.

3.        Тухайн үндэстэн ерөнцийг үзэх үзэл онол, шүтэн бишрэх уламжлаалаараа  бусад үндэстнээс ялгардаг байна.
  Монголчуудын ертөнцийг үзэх үзэл нь нүүдлийн соёл иргэншилтэйгээ нягт уялдаатай, тэнгэр эцэг, газар эх хэмээх байгаль, газар нутаг, гол усаа хайрлан дээдлэх, шүтэн бишрэх олон мянган жилийн түүхэн уламжлалтай арга, билгийн үзэл онол билээ. Унасан газар, угаасан усаа хүн бүр дээдлэн шүтдэгийн ач буянаар дэлхийд байхгүй унаган байгаль манай улсад л байгаа билээ. Харин зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн жилүүдэд “Газрын доорх баялаг ард түмний өмч” хэмээн шинэ үндсэн хуулиндаа тунхагласан боловч, өнгө мөнгөний хэт шуналд автаж, унаган онгон байгаль уруугаа гадаадын улангассан луйварчидтай хамсан, ханцуй шамлан бие биеэсээ уралдан хайр найргүйгээр дайрч байгаагаас эргээд хэзээ ч нөхөшгүй гамшигт байдалд орж байна.
 
Шинэ үсгийн /кирилл үсгийн/ дүрмийн холион бантан

    Их гүрний дээрэнгүй үзлийн шахалт шаардлагаар манай улс 1942 оноос монгол бичгээ “Шинэ үсэг” хэмээх кирилл үсгийн цагаан толгойгоор сольсноос хойш нэгэн жарныг өнгөрөөд байна. Аливаа улс үндэстэн бичиг үсэгтэй болмогцоо нийтээр нэгэн мөр даган бичих “Зөв бичих дүрэм”-ийг боловсруулан мөрддөг нь нийтлэг бөгөөд хэл шинжлэлийн онолын үүднээс авч үзэхүл энэхүү зөв бичих дүрэм нь дараах шаардлагыг хангасан байх ёстой ажээ.
1.       Цагаан толгойн үсэг бүр нь нэг авиалбар тэмдэглэсэн байх ёстой атал шинэ үсгийн цагаан толгойд “ъ”, “ь”, “й” гурав ямар ч авиа тэмдэглэдэггүй “тэмдэг үсэг” юм. Өнөөдөр та бид  msj бичихдээ дээрх 3 үсгийг хэрэглэхгүйгээр бичиж болж байгаа нь “илүүдэл үсэг” болохыг бэлхнээ гэрчилж байна. Илүүдэл үсгийг хүчээр хэрэглэхийн тулд “Хатуу, зөөлний тэмдгийг зөв бичих”, “Зөөлний тэмдэг И болох” гэх мэт  “зохиомол  дүрэм” бий болгожээ.
2.       Монгол хэлэнд огт хэрэглэгдэхгүй “ф”, “к”, “щ” хэмээх 3 үсэг буй. Үндэснийхээ цагаан толгойд харь хэлний үсэг авч оруулсан улс, дэлхийд манайхаас өөр байхгүй биз ээ. “Онцгой 4 гийгүүлэгч” хэмээн нэрлэж, “Онцгой 4 гийгүүлэгчийг зөв бичих” тухай бас л “зохиомол дүрэм” бий болгожээ.
3.       Гийгүүлэгч + эгшгээс бүтэх үеийг ганц үсгээр тэмдэглэж “туслах эгшиг” хэмээх зохиомол нэр томьёо гарган “Я-ийн төрлийн үсгийг зөв бичих” хэмээх “зохиомол дүрэм” бий болгожээ. Жишээ нь:  j+a = я, j+э = е, j+о = ё, j+у =ю/у/, j+ү =ю/ү/
Эдгээр я-ийн төрлийн үсгийг бага ангид “туслах эгшиг” гэж заагаад дунд ангид “гийгүүлэгч+эгшгээс бүтсэн үеийг тэмдэглэж буй үсэг” гэж заахлаар 2 багшийн хэн нь худлаа яриад байгааг хүүхэд ойлгохоо байж эхэлнэ. Тэр  юу ч биш. Я- ийн төрлийн үсгүүд нь:
a.       j+a = я, j+э = е, j+о = ё, j+у =ю/у/, j+ү =ю/ү/ гийгүүлэгч + эгшгийн үүрэгтэй
b.       Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах богино эгшгийн үүрэгтэй. Жишээ нь: мьанга /мянга/, хьар/хяр/ 
c.        Дан ганц гийгүүлэгчийн үүрэгтэй. Жишээ нь: а+ j/ая/, го+ j/гоё/ гэдгийг бага насны балчир хүүхдүүд байтугай багш нар нь ч ялган салгаж чадахгүй байгаа нь задгай үеийг 1 тэмдэгтээр тэмдэглэсэнтэй шууд  холбоотой юм.
    Өнөөдөр та бид дээрх 4 үсгийг / я, е, ё, ю /хэрэглэхгүйгээр msj бичиж бүрэн болно. Тэгэхээр энэ 4 үсэг “илүүдэл үсэг” юм. Дээрх 10 /ъ, ь, й, ф, к, щ, я, е, ё, ю/ үсгийг хасвал 25 үсэг үлдэх ба “ j” гийгүүлэгчийг нэмээд манай үндэсний цагаан толгой 26 үсэгтэй байх бүрэн боломжтой. Ер нь авианы үсэгтэй аль ч улсын цагаан толгой 26-28 үсэгтэй байдаг ажээ. Гэтэл манайх 35 үсэгтэй байгаа нь нэг талаас, сурах, сургах үйл ажиллагаанд хүндрэлтэй, нөгөө талаас зохиомол дүрмийн тоо олшрох сөрөг муу үр дагавартай байна. Шинэ үсгийн дүрэм нь 180-аад зүйл заалттай учир даган мөрдөхөд  бэрхшээл учирдаг.
    Билгүүн номч Ц.Дамдинсүрэн багш маань Орос цагаан толгойн 33 үсгийг нэгийг ч орхихгүй бүтнээр нь авах зорилго тавьснаас монгол хэлнийхээ зүй тогтолд  нийцэхгүй, алдаагүй зөв бичихэд  төвөгтэй  “илүүдэл олон үсэг, тэдгээртэй холбоотой олон зохиомол дүрэм” бий болгожээ.
4.       Хэл шинжлэлийн онолын хүрээнд авч үзвэл, зөв бичих дүрмийн заалт нь нэг л мөр байхаас бус эргэж буцсан  “гажилт”-тай байж болохгүй. Гэтэл шинэ үсгийн дүрэм нь “гээнэ” гэсэн  атлаа “гээхгүй” гэсэн заалтыг гажилт нэрээр оруулдаг. Тэрчлэн “ь”   “и болно” гэсэн атлаа “и болохгүй” гэсэн олон заалт оруулдаг нь нийтээрээ нэгэн мөр даган мөрдөхөд саад бэрхшээл учруулж байна.
5.       Хоолойн “г”, хэлний “г” хэмээх хоёр биеэ даасан авиалбарыг 1 тэмдэгтээр, хэлниий угийн “н”, хэлний үзүүрийн “н” хэмээх хоёр биеэ даасан авиалбарыг 1 тэмдэгтээр буюу 4 биеэ даасан авиалбарыг 2 тэмдэгтээр тэмдэглэснийг ард нь болон өмнө нь эгшиг бичиж ялгах бөгөөд түүнийг “ялгах эгшгийн дүрэм”-ээр  зохицуулна. Хэрэв 4 өөр авиалбарыг 4 өөр дүрсээр тэмдэглэсэн бол “ялгах эгшгийн дүрэм” хэмээх “зохиомол дүрэм” хэрэггүй болно.
   Энэ мэтчилэн  бидний 60 гаруй жил шүтэн биширч, даган мөрдөөд байгаа шинэ үсгийн дүрэмд “түүхий” дутуу дулимаг боловсруулсан зүйл арвин байдгаас хэл шинжлэлийн онолоос гажуудсан зарим нэг зүйл заалтыг товч дурьдлаа
    Энэ бүхнийг нуршихын учир юун хэмээвээс, дэлхий нийтээр даяарчлагдах үйл явц эрчимтэй өрнөж буй өнөө үед тухайн үндэстний дангаарчлал зайлшгүй хэрэгтэй юм. Хэрэв төрийн ийм бодлого байхгүй бол зүүн Азийг ноёрхож байсан Манж үндэстэн өнөөдөр газрын хөрснөөс арчигдсан гашуун түүхийг давтах магадлал бодитой байсаар байна.
   “Хэлний тухай хууль” баталж гаргах үйл ажиллагаа нь маш нарийн эмзэг, олон амин чухал асуудалтай нягт холбогдсон, эцсийн үр дагавар нь монгол улсын тусгаар тогтнол, монгол үндэстэн орших уу?, эс орших уу?  гэдэгт хариу өгөх нэн хариуцлагатай ажил билээ. Билгүүн номч Б.Ринчен багшийн хэлснээр:
“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ”-ээ хуульчлан баталгаажуулж, монгол хэлний олон зуун мянган жилийн гайхамшигт дархлааг бий болгохын зэрэгцээ эх хэлнийхээ дотоод зүй тогтолтой бүрнээ нийцсэн, эртний монгол хэлний онцлогийг өнөөгийн бидэнд тээн хүргэж ирсэн монгол бичгээ төрийн бичиг болгон түмэн олондоо тунхаглан зарлах түүхэн цаг үе ирсэн гэдгийг хууль санаачлагч ЭРХЭМ ГИШҮҮДИЙН  алсын хурц  мэлмий, цэцэн саруул ухаанд тань хүргэх гэж болох, болохгүйг мэдэхгүй олон зүйлийг нуршсаныг минь өршөөн болгооно уу.

Орхон аймаг дах “Маргад” дээд сургуулийн сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Өөлд овогт Цэдэнжавын Нацагдорж
Утас: 99256501 е майл: na_bagsh2008, Facebook: na_bagsh
      




                                                                                                                                



No comments:

Post a Comment